АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

 
ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ: 
- Асарай (асарын айнхан) / Дээд астралынхан
- Зийдөр / Доод астралынхан


Цагаан домын судруудад хий биетэй оршихуйг "асарай", "зийдөр" гэж үндсэн хоёр том бүлэг болгож авч үздэг.
Орчин үед хий биетэй оршихуйг судалдаг, хий биетэй оршихуйтай харьцдаг, астрал аялал хийдэг (өөрийн астрал биеэрээ аялдаг, астрал ертөнцүүдээр аялдаг) хүмүүс хий биет оршихуйг мөн "дээд астралынхан, "доод астралынхан" гэсэн үндсэн хоёр том бүлэг болгож авч үзэж байна.
Буддын гүн ухаанд бол хий биетэй асарай, зийдөрүүдийг бүгдийг нэгтгээд "асурынхан", "асурын их ертөнцийнхөн" гэж нэрлэдэг.

Цагаан домын судруудад АСАРАЙ (асарын айнхан) гэж хий биетэй төрөлтнүүдийг гэхдээ орчин үеийн нэр томьёогоор бол "дээд астралынхан" буюу хүнтэй жишиж ойлговол өөрийн гэсэн амьдрах газар орон, гэр оромж, эдлэх хэрэглэх зүйл, хийх ажил, эдлэх жаргалтай, бас зовлон, тэмцэлтэй төрөлтнүүдийг хэлж байна.
Энэ дээд астралынхны хамгийн өндөр хөгжилтэй хүрээнийхнийг асар тэнгэр гэнэ. Учир нь, тэд (дээд астралынхны дээд хүрээнийхэн/асарын айн хамгийн дээд хүрээнийхэн):
- сүнс ухамсрын хөгжлийн өндөр түвшинд хүрсэн учир тэнгэр болдог, тэнгэрийн төрөлд дэвшдэг.
- мөн тэдний зарим нь тэнгэрийн элч, тэнгэрийн зараал, тэнгэрийн хувилгаад байдаг.

Улаачийн биед бууж ном эрдэм, ур чадвар, увдис заадаг, үйл хийдэг хий биетүүд бол энэ асарын айнхны буюу дээд астралынхны:
- Уг язгуур
- Дээдэс
- Онгод
- Сахиус
- Нутаг орорн, уул усны эзэд гэсэн таван их хүрээнийхний:
- Уг язгуур
- Дээдэс
- Онгод гэсэн гурван хүрээнийхэн нь байдаг. Дээдэс, Уг язгуурууд тэр бүр улаачийн биед бууж ирэхгүй. Улаачийн биед бууж ирдэг хий биетүүдийн дийлэнх нь онгодууд байна. Монголчуудын хувьд бол уг язгуур, дээдсүүд нь дээд астралынхан биш тэнгэрүүд байна. /Гэхдээ монголчуудын дунд тэнгэр биш, асарай язгууртай хүмүүс байж болно. "Цаг үеэсээ хамаараад хүмүүн төрөлтний мянган хүн тутмын нэгээс гурав нь энэ дээд астралын язгуурт сүнстэй хүн байна" гэж ЯТГАЛ сударт тэмдэглэсэн байдаг./ Улаач онгодуудаасаа болон өөрөө бие дааж амьдарч байгаа орчин, цаг үеэсээ, чухан чумондаа сайтар суралцаж илүү өндөр түвшинд хөгжиж "хувилгаан/цалигч" эрдмээ бүрэн төгсгөж "хутагт/бүтээгч" гэдэг дараагийн түвшин рүү орж ирсэн тохиолдолд онгодуудын дээд/дараагийн түвшнийхэн болох дээд астралд түр саатаж байгаа "тангарагт, зарлигт дээдсүүд, уг язгуурууд" улаачид бууж өөрсдийн ном эрдэм, увдис, чадвар, чанаруудаа заана, өвлүүлнэ. Дээдсүүд, тэр дундаа уг язгуурууд (уг язгуур тэнгэрүүдийн элч, зараал, хувилгаад) бууж ирж ном эрдэм, увдисаа зааж байгаа бол тэр улаач бөө болоход нэг шат дөхөж байна гэсэн үг.

✶ Улаачтай хамгийн их харьцдаг, улаачийн биед бууж ирдэг дээд астралынхны төлөөлөл бол онгодууд юм. ✶


Энэ онгодууд:
- зарим нь дээшээ дээдэс, уг язгуурын хүрээнүүдрүү, өөрсдийн уг язгууруудруугаа, тэнгэррүү дэвшиж байгаа онгодууд байна
- зарим нь тэнгэрийн элч, тэнгэрийн хувилгаан, тэнгэрийн зараал онгодууд байна. Энэ элч, зараал, хувилгаан онгодуудыг зарлигтнууд гэдэг. Улаачийн биед бууж байгаа онгодуудын ихэнх нь энэ зарлигтнууд байдаг.
- улаачийн биед бууж байгаа онгодуудын зарим нь "би тийм хугацаанд дараа дараагийнхаа үр удмыг сургаж хөгжүүлнэ" гэж өөрөө тангараг тавиад дээд астралын онгодын хүрээнд түр саатаж, үр удамтайгаа эргэж холбогдож үйлээ хийж тангарагаа биелүүлж байгаа онгодууд байна. Энэ онгодууд бол тангарагтнууд юм.


✶ Тэнгэр буюу гэрлэн биетэй оршихуй бол хүний биед бууж ирэхгүй. ✶

Тэнгэр бол тухайн тэнгэртэй өөртэй нь:
- оюун ухааны хөгжлийн хувьд нэг зиндаанд хүрсэн
- нэгэн ижил давтамжинд хэлбэлзэж байгаа хүнтэй
- эсвэл яг энэ төрлийнхөө өмнөх төрөлд тэнгэр байсан
- мэлмийн хүрд, саран хүрд, хэл ярианы хүрд идэвхтэй, ариун чанартай, мэлмийн хүрд, саран хүрд, хэл ярианы хүрд төрөлхийн бүрэн нээлттэй хүнтэй зөвхөн оюун ухаанаар нь дамжуулан холбогдоно. Зөвхөн оюун ухаанаар нь дамжуулж мэдлэг, мэдээлэл өгнө.
Хүн тэнгэртэй оюун ухаанаараа холбогдохын тулд оюун ухааны өндөр хөгжилтэй байхаас гадна, атаа гэдэг хороос бүрэн ангижирсан байх ёстой. Учир нь тэнгэрүүд, сайн зүгийн тэнгэрүүд атаа гэдэг хороос бүрэн ангижирсан, атаа гэдэг дайсныг бүрэн дарсан байдаг учир атаа гэдэг хороос бүрэн ангижирсан бодгальтай л холбогдоно. Хэрвээ хүнд атаа гэдэг хор их бага хэмжээгээр байгаа тохиолдолд атаа нь тэнгэртэй холбогдох сувгуудыг нь хааж, бөгөлж, боож, давтамжийг нь үргэлж унагаж, тэр хүнийг дотроос нь ёрлож, идэж гэмтээж, нурааж, цагаан бүхнийг нь харлуулж, ариун бүхнийг нь бузарласаар байх болно.


Сахиуснууд болон нутаг орон, уул усны эзэд бол өөрийн сахиж хамгаалах зүйлс (үр хүүхэд, ураг удам, буян хишиг, ном эрдэм, нутаг орон, өөрийн эзэмшил газар, өмч хөрөнгө)-ээ сахиж хамгаалдаг дээд астралын төрөлтнүүд. Сахиус болон нутаг орон, уул усны эзэд тэр бүр онгод болж (онгодын оронд) хүний биед буухгүй. Ховор үзэгдэл. Гэхдээ ямар нэг шаардлага, зорилгоор, эсвэл лусд дайруулсан ч юм уу лус хөллөн бөөлдөг улаач, сахиус буулгадаг улаач цөөн байна.

Сахиуснууд бол "тэмцэлтэй" гэсэн тодотголтой асурийн их ертөнцийнхний тэрхүү хамгийн их тэмцэлтэй хүрээнийхэн нь, тэрхүү тэмцэлтэй гол цөм нь юм. Сахиуснууд бол ямар нэг зүйлийг сахиж хамгаалах үндсэн үүрэгтэй, тангарагтай, зарлигтай төрөлтнүүд гэдэг нь нэрнээсээ л тодорхой байна.
Хаана ч, хэзээ ч сайн сайхан, ариун нандин, үнэ цэнэтэй зүйлд ямар нэг аюул, дайсан, эсрэг хүч заавал байдаг. Энэ бол жам. Тэгэхээр эдгээрээс хамгаалах нь ч, хамгаалах сахиус, хүч байх нь ч бас жам. Сайн сайхан, ариун нандин, үнэ цэнэтэй зүйлд ямар нэг аюул, дайсан, эсрэг хүч байдаг (байгаа) учраас л сахих, хамгаалах хэрэгцээ шаардлага байдаг (байгаа). Ийм ураас сахиусны хүрээнийхэн тэдгээр аюул, дайсан, эсрэг хүчтэйгээ үргэлж тэмцэлдэж амьдарна. Энэ тэмцэл бол тэдний хийдэг, хийх ёстой үндсэн ажил нь. Энэ бол жам. Жамын үзэгдэл.

Монголчууд дээд астралын хүрээнд багтдаг, өөрсөддөө хамааралтай, өөрсдөө харьцдаг, өөрсөдтэй нь ямар нэг үйл заяагаар холбоотой:
- Уг язгуур
- Дээдэс
- Онго
- Сахиус
- Нутаг орон, уул усны эздийг "ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР" гэж нэрлэж зохих ёсоор нь хүндэтгэж, шүтэж дээдэлдэг. Ихэнх язгуурын монгол хүмүүсийн хувьд уг язгуур, дээдсүүд нь дээд астралынхан биш тэнгэрүүд байна. Харин монголчуудын уг язгуур тэнгэр, тэнгэр болсон дээдсүүдийн зараал, хувилгаан, элч нар болон тангарагт дээдсүүд (өөрөө үр удамтайгаа эргэж холбогдоно гэж тангараг тавиад дээд астралд саатаж/түр оршиж тангарагаа биелүүлж байгаа) дээд астралын уг язгуур, дээдэс гэсэн хамгийн дээд хүрээнүүдэд байна. Дээд астралын дээд хүрээнүүдэд оршиж байгаа монголчуудын уг язгуур тэнгэрүүд болон тэнгэр болсон дээдсүүдийн элч, зараал, хувилгаадыг гарвалаар нь уг язгур, дээдэс гэж нэрлэдэг.

Харин зургаан зүйлийн амьтны аль ч төрөлд төрөл олоогүй хий биетүүдийг орчин үеийн нэр томьёогоор "доод астралынхан" гэдэг. Цагаан домын судруудад бол тэднийг зийдөрүүд гэдэг. Тэд бол зовлонтнууд.
Тэдэнд тамын төрөл ч олдохгүй байна. Тамын амьтан болж төрөх зол завшаан ч олдохгүй байна гэсэн үг. Учир нь, тэд оршихуйн жам ёс, зүй тогтлын эсрэг зүйл хийсэн, тийм жам бус, гаж буруу, нүгэлт үйл хийсэн муу үйлийн үртэй учраас сайн муу ч жамаараа оршиж байгаа амьтад тэднийг хатавчаараа хамрыг нь цухуйлгахгүй байна гэсэн үг. Жам, ёсыг зөрчих нь ийм хүнд нүгэлтэй гэсэн үг. Тэд зургаан зүйлийн амьтны аль нэг төрөлд төрөхийг үргэлж хичээнэ. Зарим нь заль мэх, хүч хэрэглээд аль нэг төрөлд төрөл авч чадна. Гэвч тэр жам бус нүглээ цайруулахгүй, сөрөг гаж программаа устгахгүй, алдаагаа засахгүй эргээд л тэр жам бус, гаж сөрөг авир зангаараа амьдрах гэж оролдвол тэр төрөлдөө удаан оршиж, цааш хөгжиж чадахгүй эргээд л зийдөрийн ертөнцрүүгээ буцах, унах болно.
Эдгээр доод астралын хий биетүүдийг чөтгөр, шулам, албин, тийрэн, ад, ороолон, зэтгэр, түйтгэр зэргээр олон янзаар нэрлэдэг. Тэд ямар ёс бус үйл хийсэн, ямар нүгэлтэйгээсээ хамаараад дотроо олон төрөл зүйлтэй, зэрэг зиндаатай, үзэгдэх дүр байдал, хорлол нь ч өөр өөр байна.
Оюун ухаант хүн ийм байдалд орохгүйн тулд жамыг таньж мэдэж, түүнээ ёс болгон дагаж мөрдөж, баримталж амьдардаг. Өөрөөр хэлбэр ийм амьтан, завсрын хий биет, тэнэмэл сүнс болохгүйн тулд "Жам ёсыг таньж мэдэх хэрэгтэй." Тэгээд түүнийгээ дагаж мөрдөх ёстой. Байгаль оршихуйн жам хүний оюун ухаан, сэтгэхүй, хүний амьдралд хөрвөхөөрөө ёс болно. Ёс нь ёс суртахуун, дадал, зуршил, зан, зан заншил, ёс заншил, соёл, соёл иргэншил болно. Ингэж хүн төрөлтөн соёлт хүн төрөлхтөн болно.

Хэрвээ зийдрүүдтэй (ийм амьтадтай, ийм язгууртнуудтай) ямар нэг муу үйлийн эрхээр учирч тохиох аваас тэднээс бүрэн ангижрах хүртлээ цагаан домын язгууртнуудын гиуруу нартаа, үр ач нартаа үеийн үед захидаг "ҮЛ-МАРГАХ, ҮЛ-МАРТАХ" гэдэг зарчмыг сайтар баримталж бүх талаар хичээж өөрөө яг өнөөдөр байгаа хөгжлийн түвшнээсээ аль болох түргэн цааш, илүү өндөр түвшнүүдрүү дэвших хэрэгтэй. Хэрэв цааш хөгжихгүй, нэг түвшиндээ, тэдэнтэй уулзсан, учирч тохиолдсон түвшиндээ байгаад байх аваас тэднээс хэзээ ч ангижирч чадахгүй.

ҮЛ МАРГАХ - муу муухай зүйлтэй үл тэрсэлдэх, муу муухайд үл автах
ҮЛ МАРТАХ - жам, ёс, эрдэм ном, үнэн ариун, сайн сайхан бүхнээ үргэлж санаж, агшин хором тутамд алдахгүй дагаж мөрдөж явах


✶ "ҮЛ-МАРГАХ, ҮЛ-МАРТАХ" ✶

Ээхэн дээдсийн ариун сургаалыг
Эрдэнийн дээд эрдэнийг
Эрдмийн дээд эрдмийг
Үеийн үед
Үрийн үрд
Үргэлжийн мөнхөд
Нүднийхээ орноос салгалгүй - Харж гийж амьдаръя
Сонсголынхоо орноос салгалгүй - Чагнаж гэрчилж амьдаръя
Сэтгэлийнхээ орноос салгалгүй - Шүтэж дээдэлж амьдаръя
Сэрэмжийнхээ орноос салгалгүй - Чандлан сахиж амьдаръя
Үгийнхээ орноос салгалгүй - Амирлан дуудаж амьдаръя
Үйлийнхээ орноос салгалгүй - Мөрлөн дагаж амьдаръя
/зохиогч Илээхэн Ээхэн "ҮРЭКЕЛН" судрын өчил, тангарагийн шүлгээс/

Танд Амжилт, Ашдын жаргал ерөөе!


✶ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ


Нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн




ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


цахим хичээлийн хөтөлбөр:



Comments

Popular posts from this blog

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

МОНГОЛ ЦАГААН ДОМЫН ЭХ СУРВАЛЖ, НОМ СУДАР