ОНГОД, УДМЫН ОНГОД, УЛААЧИЙН ЁС /"АГАМ ЮГТИ НОМУУД ДОР САЙТАР ДАДАН ТӨГС"/
Онгод гэдэг бол өөрийн үр удамтайгаа болон өөртэй нь холбоо тогтоох, долгион барих боломжтой, чадамжтай хүмүүстэй ямар нэг байдлаар холбогдож ном эрдэм, увдисаа заадаг, өндөр түвшний мэдээлэл, мэдлэг өгдөг дээд астралын хий биетүүдийн нэг хэсэг (онгод гэдэг хүрээнийхэн) юм.
Онгодууд ихэнх нь тангарагтнууд, зарим нь зарлигтнууд байна.
Тангарагтнууд гэдэг нь өөрсдөө “Би энэ төрлөө дуустал, эсвэл тийм хугацааны, тэдэн үеийн турш үр удамтайгаа эргэж холбогдож өөрийн ном эрдэм, увдисаа заана. Тэдний:
- Хазгай бурууг нь засна
- Хагас дундуурыг нь дүүргэнэ” гэж тангараг тавьсан, тэр тангарагаа биелүүлж байгаа бодгалиуд юм. Онгодын их хүрээ, онгодын түвшнийхэн дотроо маш олон дэд хүрээ, дэд түвшинтэй.
Зарлигтнууд гэдэг нь тэнгэр, уг язгуур, дээдсүүдийн хувилгаад (тэнгэр, уг язгуур, дээдэс болсон эх сүнснийхээ зарлигийг биелүүлж байгаа хувилсан сүнснүүд нь), нэг бол тэдний зарлиг, тушаал, үүрэг даалгаварыг биелүүлж байгаа элч, зараалууд нь байна. Тэд зарлигаар хүлээсэн үүргээ биелүүлнэ.
✶ Үнэхээр удмын онго байгаа бол өрөөлд биш, өөрт түрүүлж, өөрт илүү мэдрэгддэг зүйл шүү. ✶
Өөрөө мэлмий нь бүрэн нээлттэй бус, бусдыг шинжих түвшинд хөгжөөгүй хүн тухайн хүний болон тухайн ураг удмынхны:
- сахиуснуудыг (улаачийн биед буух биш, тухайн хүнийг болон ураг удмынхныг нь сахиж хамгаалах үүрэг, тангараг, зарлигтнуудыг)
- тухайн хүнийг дагаж яваа ямар нэг хорлол, түйтгэрүүдийг
- завсрын хий биетүүдийг онгод, дээдэс гэж андуурдаг.
Тэр бүү хэл өөрийгөө бүрэн таньж мэдэж туулж гатлаагүй хүн өөрийнхөө ауранд, өөрийнхөө бодол, сэтгэл, итгэл үнэмшилд хадгалагдаж байгаа зүйлийг тухайн хүн дээр нааж хардаг, мэдэрдэг. Гэхдээ энэ нь тэр хүний буруу, муу гэсэн үг биш. Яг өнөөдөр байгаа хөгжил чадамжийнх нь л түвшин гэсэн үг. Мэдээж цаашаа хөгжинө.
Ийм асуудлууд байдаг учраас эцсийн эцэст өөртөө л итгэх хэрэгтэй. Өөртөө итгэхийн тулд өөрөө чадлаараа бүхнийг судлах, танин мэдэх, туршиж туулах, магадлан шинжих ёстой. Эцэст нь бүх шийдвэрийг өөрөө гаргах хэрэгтэй.
✶ Ахас ихэс, өвөг дээдэс минь "Хүн эхлээд өөрийгөө бүрэн таньж мэдэх, туулж гатлах ёстой. Өөрийгөө бүрэн таньж мэдэж, туулж гаталж байж, хүсвэл дараа нь өрөөлийг шинжиж болно" гэж захидаг нь ийм учиртай. ✶
Монгол бөө нар олон шавьтай, улаач бүхэн бүгд нэгэн ижил дэг ёстой байдаггүйн нэг шалтгаан нь бас энэ.
Гэхдээ улаач нар хоорондоо холбогдож мэдлэг мэдээлэл, арга туршлагаа солилцож, гал, нэгдэл, холбоо, ТББ үүсгэж, байгуулж хамтарч сурч хөгжиж, хамтарч ажиллаж, хамтарч хийж бүтээж болохгүй гэсэн үг биш.
Өөрөө өөрийгөө бүрэн, өөрөөрөө дамжуулан орчлон хорвоог бүрэн таньж мэдэж, туулж гатлаагүй байж:
- өрөөлийг тэрхүү өөрөө ч үл мэдэх нарийн ертөнцөд замчилж, хамт төөрч хэн хэндээ тусалж чадахгүй хэцүү байдалд орж
- өөрөө ч мэдэлгүйгээр бусдыг төөрүүлж орхиж
- бусдыг буруу зүгийн зальт этгээдүүдэд, магадгүй өстөн дайсанд нь барьж өгч
- өрөөлийн хэт хувийн орон зайд халдаж
- хувь тавиланд нь сөргөөр нөлөөлж болохгүй. Ийм эрсдэл байдаг гэсэн үг.
ЭВ НЭГДЭЛ
Дээдсүүд "Бусадтай эв нэгдэлтэй, бас өөрөө эрх чөлөөтэй байх ёстой. Энэ хоёрын блансыг ухаанаараа тэнцүүлэх ёстой" гэж захидаг.
Эв нэгдлийн зорилго нь хүч төвлөрүүлэх, хүчээ нэгтгэх, тэрхүү хүчээрээ бодит үйл хэрэг хийх, бодит амжилт бүтээх учраас эв нэгдэл бол зайлшгүй, гарцаагүй зүйл. Эв нэгдэл, хүч байхгүй бол бид юу ч хийж бүтээж чадахгүй. Эв нэгдэл, хүч байхгүй бол улаач нар хөгжихгүй, дорвитой үр дүн, амжилт гаргаж чадахгүй. Улаач нар хөгжихгүй бол бөө мөргөл хөгжиж, хамгаалагдаж, дархлагдаж чадахгүй. Бөө мөргөлийг газар дээр, бодит амьдрал дээр байлгах, хөгжүүлэх, хамгаалах, дархлах бодгалиуд нь бол хий биетэй онгод, дээдсүүд биш улаач нар, бөө нар (удган зайрангууд). Бөө мөргөлийг оршин байлгах, хөгжүүлэх, хамгаалах, дархлах ажил үйлэнд маш их хүч хэрэгтэй. Иймд эв нэгдэл улаач, бөө нарын хамгийн чухал үнэт зүйлүүдийнх нь нэг мөн.
Эв нэгдэл, нэгдэх хамтрах гэдэг бол нэг газар уулзаад нүүр нүүрээ хараад суухын нэр биш. Жинхэнэ эв нэгдэл гэдэг бол оюун санаа, итгэл хүндлэл, үйл бүтээлийн түвшинд бий болдог зүйл. Энэ оюун санаа, итгэл хүндлэл, үйл бүтээлийн нэгдэл буюу жинхэнэ нэгдэл оюун санааны хөгжлийн тодорхой өндөр түвшинд, өндөр түвшний хөгжилтэй бодгалиудын дунд жинхэнэ утгаараа бий болно.
Тамгатай улаач нар бол уламжлалт нэршлээр цалигч нар буюу саар муу бүхнийг сайн сайханд хувиргах, сайн сайхан бүхнийг хувилж дэлгэрүүлэх, шаардлагатай бол (хүсвэл) аливааг санасан хүссэнээрээ хувиргаж өөрчлөх, хувилж олшруулах (цөөрүүлэх), өөрийн сүнсээ хувилах зэрэг төрөлхийн чадвартай эгэл бус төрөлтнүүд юм. Энэ чанар, чадварууд нь маш олон төрлийнх нь буян, хичээл зүтгэлээр тэдэнд бий болсон тэдний төрөлхийн нандин чанар, чадвар юм. Сүнс ухамсрын хөгжлийн, оюун ухаант хүний хөгжлийн энэ цалигч (улаач) гэж нэрлэж байгаа түвшин эгэл төрөлтнүүдтэй харьцуулбал тодорхой өндөр түвшин мөн ч, оюун ухаант хүн гэдэг төрөлтний хувьд бол хөгжлийн тийм ч өндөр түвшин биш, дундаж түвшин. Энэ бол оюун ухаант хүний амжилттай суралцаж төгсөх ёстой дамжаа, туулах, дамжин өнгөрөх ёстой зам, гүүрүүдийн нэг. Тэд орчин үеийн нэршлээр бол сүнс ухамсрын хөгжлийн төрөлхийн 7D түвшнийхэн юм. Цаашаа 8D, 9D... болж хөгжих сав төгөлдөр, тодорхой хэмжээний хувьтай бодгалиуд гэдгээрээ эгэл төрөлтнүүдээс ялгаатай.
Дээр дурдсан оюун санаа, итгэл хүндлэл, үйл бүтээлийн түвшний жинхэнэ нэгдэл бол 7D биш, 8D түвшнээс эхэлж жинхэнэ утгаараа бий болно. Орчин үеийнхээр сүнс ухамсрын хөгжлийн 8D түвшнийхнийг цагаан домын судруудад "Бүтээгч", "Хутагт" гэж нэрлэдэг нь санамсаргүй явдал биш.
7D түвшнийхэнд:
- эгэл болон доод төрөлтнүүдэд байдаг мунхаг, атаа, шунал, уур, өс зэрэг алдаа дутагдал, сэтгэлзүйн муу чанарууд зарим нь байхгүй. Учир нь хүн эгэл болон доод төрөлтнүүдэд байдаг мунхаг, атаа, шунал, уур, өс зэрэг алдаа дутагдлаа засахыг нь засаж, муу чанаруудаа заримыг нь бүрэн арилгаж, заримыг нь бүрэн эрхшээж байж 7D түвшин руу орж ирдэг, цалигч, хувилган чанар, чадвартай болдог. Дээрх алдаа дутагдал, муу чанарууд байсан ч эгэл хүмүүсийнхээс бага, бусдыг болон өөрийгөө хорлохгүй хэмжээнд байна.
Гэвч хүн л болсон хойно, хэдий эгэл бус төрөлтөн ч гэлээ, сүнс ухамсрын хөгжлийн үнэмлэхүй өндөр түвшнийхэн биш учир зарим нэг алдаа дутагдал, муу чанарууд (мунхаг, уур...) өөрийг нь болон өрөөлийг хорлох хэмжээнд байна.
Энэ муу чанарууд нь тэднийг:
- бусадтай жинхэнэ утгаар нэгдэж хамтрахад нь, бүтээхэд нь, амжилт олоход нь саад тотгор болно
- хойш нь татаж, доош нь чангаана. Хийсэн бүтээсэн бүхнийг нь нурааж тараана, хийсэн бүтээсэн бүхэн нь нурах, тарах шалтгаан болно. Өөрт нь болон өрөөлд, хань хамтрагч нарт нь сөрөг таагүй бүхнийг дуудна.
Иймд улаач нар амьдралын аар саар зүйлээр хөөцөлдөж, агшин зуурын зүйлст ач холбогдол өгч алгуурлаж сатаарахгүйгээр, 7D түвшиндээ удаан саатахгүйгээр чухан, чумондаа шамдан суралцаж цааш хөгжиж 8D түвшинрүү орж 8D түвшнийхэнтэйгээ нэгдэх, хамтрах хэрэгтэй. 8D түвшнийхэнтэйгээ нэгдэж хамтарч цааш хөгжиж 9D/Бөө буюу, судрын хэлээр ЭВЧ НАР (Илүүд, Ирүүд, Ивгүүд, Эвүүд, Хигдүүд, Ингүүд) болох хэрэгтэй гэсэн үг.
Улаач болох хүн (онгодын тамгатай хүн):
- төрөлхийн бусад хүмүүсээс илүү мэдрэмжтэй, зөн совинтой
- жирийн дундаж хүмүүсээс илүү бусдад өгөх, туслах дуртай, чадвартай
- бусдын өвчин зовлон, асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх, шийдэхийг хүсэж хичээх зэрэг төрөлхийн нандин увдис, чанар, чадваруудтай байна.
Мөн тэдэнд дараах тодорхой зүйлүүд байнга биш ч, үе үе тохиолдоно.
1. Сэрүүн үедээ үе үе гэрэл гялбаа үзэх
2. Хэн нэгний яриа сонсох
3. Сайхан үнэр анхилга мэдрэх
4. Лус савдаг, сахиуснуудыг харах, мэдрэх
5. Хүний өвчин зовлон, баяр жаргалыг өөрөө яриагүй байхад нь мэдрэх
6. Ирээдүйд болох, эсвэл өнгөрсөнд болсон зүйлийг ямар нэг байдлаар мэдрэх
7. Сүнсэн биеэрээ махбод биеэсээ гарч явах, махбод биеэ унтаж, сууж байгааг дэргэдээс нь, дээрээс нь харах
8. Хол тусдаа байгаа хэн нэгэн, ойр дотнын хүнээ хаана, юу хийж явааг (ирж байгааг нь, баяртай жаргалтай, эсвэл өвдсөн, зовлон гунигтай байгааг нь) нь харах, мэдрэх
9. Зүүд, совин биелэх
10. Зүүдэнд хэн нэгэн ирж ном сургаал айлдах, дуу дуулж, үлгэр ярьж, тууль хайлж өгөх, сайхан газар орноор дагуулж явах зэрэг маш тодорхой зүйлүүд мэдрэгдэнэ. Таны мэдэрч байгаа эдгээр зүйлсийг зөвхөн та л мэдэрнэ. Хамт амьдарч байгаа хүмүүс, аав ээж, ах дүү нар, найз нөхөд аль нь ч мэдрэхгүй. Тэд мэдрэхгүй учир яриад ч ойлгохгүй.
Ийм зүйл дээр зөвхөн өөртөө л итгэх хэрэгтэй. Эдгээр мэдрэмжүүдийнхээ учрыг зөвхөн өөрөө л олох хэрэгтэй.
✶ Хэрвээ ямар нэг зөв, буруу онго, хий зүйл биедээ оруулчихвал хий биет биед чинь орох суваг нээгдчихнэ. Хамгаалалт, дэг ёсоо маш сайн сахиж, алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлж байхгүй бол элдвийн хий биетэд эзлэгдэх аюултай. ✶
Багш, түшээ, хэн нэгэн ойр дотнын хүмүүс үргэлж дэргэд чинь зааж зөвлөөд, харж хамгаалаад суухгүй. Тэгэх ч боломжгүй. Тэр хүн бас өөрийн гэсэн амьдрал, үйлтэй, хүсэл мөрөөдөлтэй, хувь тавилантай тусдаа хувь хүн. Хэн нэгний төлөө үйл хийж, суралцаж хөгжиж, амьдарч байгаа юм шиг аашилж, баашилж, хэн нэгнийг онгод дээдэс, өөрийн хувийн үйлээрээ барьцаалж, хэн нэгэнд гомдож ялархаж болохгүй. Ингэлээ гээд асуудал огтхон ч шийдэгдэхгүй. Харин ч асуудал улам л нэмэгдэнэ. Хэн нэгний өгөөгүй, туслаагүйг нь, магадгүй амжаагүй, чадаагүйг нь бодож, тэр (тэд) надад өгөх, туслах ёстой гэж бухимдах, гомдох биш, харин зөвхөн өгсөн, тусалсныг нь бодож талархах хэрэгтэй.
Эхнээсээ, эцсээ хүртэл өөртөө, өөрийн мэдрэмж, өөрийн оюун ухаандаа л найдах ёстой.
Өөртөө найдахын тулд:
- эхлээд өөртэйгээ ажиллах
- өөрийгөө болон өөрөөрөө дамжуулан орчлон хорвоо, оршихуйг, орчлон хорвоо, оршихуйн жам, ёс, зүй тогтлыг таньж мэдэх хэрэгтэй.
Өөртэйгээ ажиллах, өөрийгөө таньж мэдэхийн тулд хүн бүхэн хэрэглэж, хэрэгжүүлж болох хамгийн энгийн нэг арга:
Эхний ээлжинд 108 хоног явган бөөлөөд, бясалгал хийдэг бол бясалгал хийгээд, сүүлийн 21 хоног нь мах идэхгүй, нэг долоо хоног нь хүнтэй огт ярьж харьцахгүй суугаад өөртэйгээ ажиллавал олон зүйл тодорхой болно.
✶ Улаач болох гэж байгаа болон улаач, өртөөлөгч, уламжлагч хүмүүст онго, дээдэс, уг язгуурууд, өвөг дээдэс, ахас ихэс дараах зүйлсийг байнга сануулдаг. ✶
Улаач, өртөөлөгч, уламжлагч болох хүн:
1. Хий биеийн хувьд:
- дээд гурван хүрд нээлттэй ариун чанартай
- дунд гурван хүрд бохирдолгүй, тэнцвэртэй
- доод гурван хүрд гэмтэлгүй, хүчтэй байх
2. Махбод биеийн хувьд:
- ариун бус идээ ундаа, буруу бусармаг явдал мөр, зүй бус үг хэл, үйлдэл, атгаг муу бодол, сэтгэл, хурц ширүүн зан авирыг цээрлэх
- бие эрхтэн ямар нэг байдлаар өвдсөн бол аль болох хурдан бүрэн илааршуулах
- аль болох бага ярьдаг, бага иддэг байх
- харин нойр сайн авдаг (бүтэн сайн унтаж амардаг), зүүдээ сайтар манадаг байх
3. Гэрлэн бие (оюун ухаан)-н хувьд:
- "үнэн, академик, ариун" гэсэн гурван шалгуурыг бүрэн хангасан мэдлэгтэй байх ёстой.
Мөн монгол язгууртнуудын болон өөрийн ураг удмынхныхаа өв уламжлал, соёл, дэг ёсыг судалж, нарийн учрыг нь олж хоцрогдсон хуучирсан хэлбэр үзэгдэл, хэрэгслийг нь орчин үе, орчин үеийнхээ амьдралын хэв маягт зохируулж агуулгаа алдаж гээхгүйгээр шинэчилж өөрчилж, хөгжүүлж, хамгаалж дархлах, ажил амьдрал, бодит үйл хэрэг, үр дүн, амжилт, хэрэглээ, дадал, зан заншил болгох ёстой.
Эмээ минь надад дараах зүйлсийг ухаан мэдээ орохоос минь л захиж сургадаг, зааж зөвлөдөг, өөрөө үлгэрлэдэг байсан.
1. Эхлээд:
- чухан, чумоноо буюу орчлон хорвоогийн жам, зүй тогтол, хүний ёсыг (байгалийн ном, хүний номыг)
- хүн төрөлхтний уламжлалт гүн ухаанууд (шашнуудыг биш)-г
- орчин үеийн байгалийн шинжлэх ухааныг сайтар судлах, танин мэдэх хэрэгтэй
2. Дараа нь явган бөөлж мэдрэмжээ сайтар хурцлах, сэтгэлээ ариусгах, махбод биед ямар нэг өвчин хууч байвал бүрэн эдгээж илааршуулах хэрэгтэй
3. Энэ бүхний эцэст зөвхөн өөртөө (өөрийн мэдлэг, мэдрэмж, өөрийн чанар, чадварт) найдах хэрэгтэй. Гомдвол өөртөө гомдох, баярлавал өөртөө баярлах хэрэгтэй. Энэ бол тоглоом биш. Бөө мөргөл гэдэг бол хэн нэгэн хэн нэгнийг хөтлөөд, чирээд оруулаад ирдэг, эсвэл туугаад хөөгөөд гаргачихдаг талбар биш. Энэ бол хувь заяа. Туулж гатлах ёстой хувь тавилан. Хувь заяаныхаа эзэн байх ёстой гэж үргэлж захидаг байсан.
4. Мөн энэ хорвоогийн олон янзын өнгө хувирал, хэлбэр үзэгдэл, нэр томъёонд хууртав!, төөрөв! гэж захина.
5. Алдарт "АГАМ ЮГТИ НОМУУД ДОР САЙТАР ДАДАН ТӨГС" гэдэг үгээ тоть шиг давтана.
Сэдэвтэй холбогдож гарч ирсэн зүүлт тайлбар
АГАМ ЮГТИ НОМ - Тэнгэр үзлийн гүн ухааны бүх чухан, чумоныг нэгтгэж хурааж оньсолсон маш уран яруу агаад югти (үгэн код) үг хэллэгтэй амьдаас амьдад, тархинаас тархинд, сүнснээс сүнсэнд дамжуулдаг дуу уухайт ном судрууд.
✶ Тэнгэр үзлийн гүн ухаан, Бөө мөргөл ном сударгүй биш шүү. Өөрийн гэсэн өвөрмөц ном судруудтай. Номын дээд ном, судрын дээд судар “АГАМ ЮГТИ” ном судартай. ✶
Мөн тэнгэр үзлийн гүн ухаан, бөө мөргөл орчин үед гэрлийн код, гэрлийн хэл, (гэрлэн оршихуйн захиа, илгээмж) гэж нэрлээд гайхаж шагшаад байгаа, Буддын гүн ухаанд дагинасын бичиг (дагинис заларч бичиж тэмдэглэж үлдээсэн, эсвэл дагинастай харьцдаг гэгээнтнүүд тэднээс сурсан ариун бичиг) гэж нэрлэдэг аранжи (маш уран гоё), юрки (дүрс, тэмдэгтэн оньс) дүрс тэмдэгтэн хэлбэртэй “АРАНЖИ ЮРКИ” ном судартай. Тэдэнд байдаг ном судар, тэдний гайхуулдаг бүхэн бидэнд ялгаагүй байдаг. Байхын дээдээр байдаг, байхын дээдээр байгаа шүү. Гаргаж тавьж гайхуулахгүй болохоор зарим нь байхгүй юм байна гэж боддог байх. Ном мэдлэг, нандин зэмсгүүд бол ил гаргаж тавьж гандааж элээж, бусдад гайхуулж сайрхаж явдаг тийм хямд, хялбар зүйл биш. Хэрэгтэй үедээ гаргаж ирж хэрэглэх, бусад үед далд-нууц, халдашгүй-хагацашгүй түвшинд хадгалагдаж байх ёстой зүйл.
Тайлагч хоёр сэтгэхүй нь бүрэн хөгжиж тархи гэдэг амин чанарыг олсон бүхэн, улаач нар, бөө нар өөр өөрийнхөө хэмжээнд:
- онгод, дээдэс, уг язгуур, тэнгэр гэдэг амьд ном судар, амьд номын сангуудтай холбогдож
- өөрийн ураг удам, улс үндэстэн, хүн төрөлхтөн, орчлон хорвоогийн акаши
- оршихуйн өндөр, дээд түвшин, хэмжээсийн мэдээлэл, мэдлэгийн орон, дата баазуудад нэвтэрч мэдээлэл, мэдлэг олж авдаг.
Ном гэдэг бол “үнэн, академик, ариун” гэсэн гурван шалгуурыг бүрэн хангасан мэдлэгийн ерөнхий нэр болохоос, зөвхөн цаасан дээр бичсэн зүйлийн нэр биш. Цаасан дээр бичсэн бүхэн ном биш, тэдний зарим нь жинхэнэ ном, зарим нь үнэний, ном ёсны, хүн ёсны эсрэг зүйл ч байж болно. Номыг цаасан дээр бичээд хадгалж дамжуулахаар ном болоод, хүүхэддээ цээжлүүлээд хадгалж дамжуулахаар ном биш болчихно гэж байхгүй. Энэ хэлбэр үзэгдэлд төөрч байгаа явдал бол хорвоогийн олон өнгөний улаан өнгийг нь хараад цэнхэр өнгийг нь харахгүй байгаатай адил харалган үзэгдэл, бурангуй үзэл. Харагдахгүй байгаа зүйлд биш харж чадахгүй байгаа хүмүүст л алдаа байна гэсэн үг.
Ямар нэг шүлгийг, жишээ нь Б.Явуухулангийн бидний хамгийн сайн мэдэх "Би хаана төрөө вэ?" шүлгийг цаасан дээр бичээд хадгалж дамжуулахаар шүлэг болоод, хүүхэддээ цээжлүүлээд хадгалж дамжуулахаар шүлэг биш болчихгүй. Тэр шүлэг шүлэг хэвээрээ л байна. Харин ч амьд хүмүүс уншиж амьдруулж байж яруу найраг, яруу дуулал, яруу дуудлага болно. Үүнтэй адил ном ямар хэлбэртэй, ямар арга хэлбэрээр уламжилж дамжуулж байгаагаас үл хамааран ном хэвээрээ л байна. Номыг (үнэн-академик-ариун мэдлэгийг) арван өгүүлбэрт багтаагаад хүүхэддээ цээжлүүлсэн ч, энэ арван өгүүлбэрээ арван боть болгоод алтан үсгээр бичээд авдартаа хадгалсан ч ном гэдэг агуулга нь хэвээрээ л байна. Аль нь илүү амар-хялбар, арвич-хямгач, хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг бүтээх шийдэл вэ? гэдгийг өөр өөрийнхөөрөө тунгаана биз.
✶Хүн төрөлхтөн хамаг ариун нандин ном судар, өв хөрөнгө, үнэ цэнэтэй бүхнээ атаа, шунал, өс хонзон, мунхаг, уур омог, дайн дажныхаа үерт урсгаж, галд шатааж, салхинд хийсгэж устгаж байхад тэнгэр үзлийн гүн ухааны агам югти ном судрууд устах нь бүү хэл сэвтээ ч үгүй.✶
Орчин үед дижитал, сонсдог ном (монголчуудын уламжлалт аман судар, дуу уухайт номын орчин үеийн хэлбэрүүд) моданд орж байна. Тэгэхээр дуу уухайт ном, аман судар бол ном биш, эх сурвалж биш гэж үзэх аргагүй, харин ч дуу уухайт ном, аман судруудыг ном, эх сурвалж гэж үзэхээс өөр аргагүй болж байна. Зарим үгүйсгэгч нар, түр зуурын үзэгдлүүд үнэнд, "үйл, амьдрал, цаг хугацаа" гурваар батлагдсан үнэнд гүйцэгдэж байна.
Шил сайт Агис минь
Шивэргэл сайт Агас минь
Үнэн мөнхийн ёсы минь
Үсэг үгүй судры минь
Үрдээ заадаг номы минь
Үнс болгож чадахгүй
Үгүйрүүлж хэзээ ч барахгүй
Үгүйсгэж хэн ч дийлэхгүй
"ҮРЭКЕЛН" судрын өчил, тангарагийн шүлгүүдээс
Миний өөрийн чагнаж гэрчилж, харж мэдэрч, өөрийнхөө хэмжээнд судалж, танин мэдэж, ойлгож ухаарч, туршиж туулснаар онгод болон улаачийн ёс товчхондоо ийм. Та бүхэн авах, гээхийн ухаанаар хандаарай.
Танд Амжилт, Ашдын жаргал ерөөе!
✶ ТАЛАРХЛАА ✶ ГЯЛАЙЛАА ✶ ГИЙЛЭЭ ✶
Нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн
ЭХ СУРВАЛЖ:
- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт
Comments
Post a Comment