ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ)


 ЕСӨН ЦАГААН ОВОО ДУУ (ИВЭДЭЙН ЦАГААН ОВОО ДУУ)

• Монгол Цагаан Домын үндсэн гурван дууны нэг
• Монгол Цагаан Домын бүх ном, судруудын оньс
Зохиогч: Хигдэ Ээхэн (4/21)


Монгол Цагаан Домын бүх номыг буюу “цалигт”, “дуу уухайт”, "галигт" номоо дуу уухайт номд нь, бүх дуу уухайт номоо “Ивэдэйн цагаан овоо” дуундаа, “Ивэдэйн цагаан овоо” дуугаа нэг бадагт нь хурааж оньсолдог. Иймд “Ивэдэйн цагаан овоо” дуу бол монгол цагаан домын бүх агам югти дуу уухайт ном судруудын оргил нь, мөн оньс нь юм.
Та бүхэндээ “Ивэдэйн цагаан овоо” дууныхаа:
- түүх домог, утга учрыг танилцуулая
- хураангуй бадгийг, хураангуй бадгийн дөрвөн хувилбарыг хүргэе.
“Ивэдэйн цагаан овоо” дууг орчлон хорвоо хийгээд бүх нэгдмэл болон нэгж оршихуйн жам, зүй тогтлыг эхлэлээс нь төгсгөл хүртэл нь, нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж, тайлж монгол цагаан домын үндсэн онолуудыг нээж, сургаал, аргазүйг нь боловсруулж, зэмсгүүдийг нь бүтээж монгол цагаан домыг хөгжүүлсэн, Гийн язгуурт сүнс ухамсартай, алтайн кижи цус, ястай хүмүүсээс бүрдсэн эртний монголын Гирэгүд овгийнхноос эхлэн үр хүүхдүүддээ албан ёсоор уламжилж, нэг ч удаа уламжлал дамжлагаа таслалгүй авч ирсэн хүмүүсийн төлөөлөл хамгийн сүүлийн хорин нэгэн хүн буюу миний эмээгийн хорин нэгэн дээд үеийн гал сахисан удгадын дээрээсээ дөрөвдөх эмэг болох Хигдэ гэдэг удган гурван жил мах идэхгүй мацаглаж, өдөр бүр "Газар - Тэнгэр - Галт язгуурт хүмүүн заяа" гурвыг холбон хуурдаж явган бөөлж "Үр Цагаан Тэнгэр"-с өртөөлж авч өөрийн ач хүү Суха-Атандаа уламжилсан, мөн зүүн тайгын хоёр шавьдаа зөвхөн хураангуй бадгуудыг нь зааж үлдээсэн гэсэн түүхтэй.
“Ивэдэйн цагаан овоо” дууны бүтэн арван бадгийг нь цагаан домын албан ёсны уламжлагч, гиуруу нар дуулдаг, дом, засал, тахилга хийдэг учраас бүтэн арван бадгаар нь нийтэд ил гаргадаггүй. Өөр бас нандин нууцууд байдаг. Тэр бүхнийг бичих боломжгүй. Хэргийн тухайтад ганц, хоёрыг нь дурдахад:
Нэгдүгээрт
“Ивэдэйн цагаан овоо” дууг дутуу дуулж болдоггүй. Нэгдүгээр бадгаас нь эхэлсэн л бол заавал бүтэн есөн бадгийг нь хураангуй бадагтай нь нийт арван бадгаар нь сүүлийн хоёр мөрийг нь давтаад дуулах ёстой. Тэр бүр хүн бүтэн арван бадгаар нь сүүлийн хоёр мөрийг нь давтаад дуулахгүй учраас арван бадгийн үг/галигийг дурын хүнд өгдөггүй. Хүнд засал, дом хийхээр бол үгийг нь өөрөөр нь бичүүлж, бичгийг нь харуулж, дагуулж дуулуулаад дараа нь аваад шатаадаг. Учир нь үгийг нь авсан хүн нэг удаа дуулахдаа бүтэн арван бадгаар нь биш гурав ч юм уу, таван бадгаар нь эсвэл зөвхөн өөрт таалагдсан, санаандаа орсон бадгийг нь дуулж дуунд дурдагдаж байгаа уул хайрхад, тэдгээрийн эзэд, цагаан онгонууд, хүний хүсэл зэрэг нандин зүйлсийг заримыг нь магтаж, идэвхжүүлээд заримыг нь алгасаж, гээж гомдоох, орхигдуулж, тасалж хаях эрсдэлтэй.
“Ивэдэйн цагаан овоо” дуу бол:
- амьд дуу
- амьд амьтан
- газар, тэнгэр, хүн гурвын гурвуулангийнх нь гурвалсан их хүч, эрчмээр үүсэж бүтсэн арван мөчтэй их цагаан онгон шүтээн юм.
Харин хураангуй бадаг нь бол энэ их цагаан онгоны хүн бүхэн авч ашиглаж, өөртөө хөгжүүлж болох нэгж эс нь юм. “Ивэдэйн цагаан овоо” дууг ариун тунгалаг рашаант гол гэвэл хураангуй бадаг нь бол хэн хүссэн хүн өөрийн савандаа хийгээд авч болох, тухайн эх-их рашааныхаа шинж чанарыг бүрэн хадгалж тээсэн, бүрэн үзүүлж чадах нэгж хэсэг нь юм.
Хоёрдугаарт
Цагаан домын номонд тодлосоноор:
“Ялган ухаарсан, Ялан дийлсэн, Бүтээж чадсан” гэсэн статусыг бүрэн хангасан буюу бидний сайн мэддэгээр Хутагт (Бүтээгч)-н түвшний, орчин үеийнхээр бол сүнс ухамсрын хөгжлийн 8D түвшний хөгжилтэй хүмүүст бол домын дуунуудыг хураангуй бус дэлгэр галигийг нь өгч болно гэж үздэг.
• Ялган ухаарсан гэдэг бол оюун ухаант хүний хөгжлийн 5D, 6D түвшнүүдийг бүрэн төгсч 7D түвшин рүү орсон
• Ялан дийлсэн гэдэг бол 7D түвшнийг бүрэн төгсч 8D түвшин рүү орсон
• Бүтээж чадсан гэдэг бол 8D түвшний шалгууруудыг бүрэн хангасан гэсэн үг.
Ийнхүү "ялган ухаарсан - ялан дийлсэн - бүтээж чадсан" гэдэг гурван шаттай статусыг бүрэн хангасан хутагт (бүтээгч)-н түвшний хүмүүс аливааг санаатай, санамсаргүй байдлаар хэзээ ч буруу муу зүйлд ашигладаггүй, ариун зүйлийг бузарладаггүй, цагаан зүйлийг харлуулдаггүй, харин ч утга, чанарыг нь улам тодруулж, төгөлдөржүүлдэг учраас домын номнууд, дуунууд, нандин зэмсгүүдийг албан ёсны уламжлагч биш ч гэсэн Хутагт чанартай хүмүүст өгч болно гэсэн захиастай.
Есөн цагаан овоондоо
Ёлы нь дагаж л гарна аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л жаргана аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л жаргана аа
Энд яагаад Ёл гэдэг шувууны нэрийг авав гэвэл:
Ивэдэйн цагаан овоо дуунд гардаг ...Мөрч, Хараач, Бэг, Тас, Угтаач, Үүрэгч... гэх мэт цаст их цагаан оргилууд, хайрхадын эзэн савдаг, эсвэл тэдний унаа, хөсөг, улаач, зараал болсон амьтдын, тэр дундаа жигүүртнүүдийн ерөнхий болон оноосон нэрүүд ихэвчлэн байдаг. Эдгээр жигүүртнүүдээс хамгийн өндөрт нисдэг нь ёл шувуу юм байна. Мөн ёл шувуу нь хүн, амьтны биеийн хамгийн хатуу, бат бөх хэсэг болох ясыг иддэг, задалж ариусгадаг шувуу учраас "Ивэдэйн цагаан овоо" дууны хураангуй бадаг дээр Ёл гэдэг шувууны нэрийг авсан байна.
Есөн цагаан овоо гэдэгт Гийн Тавин таван цагаан тэнгэрийн Тэргүүлэгч есөн цагаан тэнгэр, Есөн их цагаан онгон, газар эх дэлхий дээр орших Есөн их цагаан оргил болон тэдгээрийн сав, хөндийд орших гол мөрд, тэдгээрийн эзэд, хүмүүн төрөлтний есөн их ариун цагаан хүсэл зэрэг есөн тоот бүхнээ ес гэдэг тоогоор нь оньслон хураасан байгаа юм.

Тэнгэр язгуурт, тэнгэр шүтлэгт нүүдэлчид номоо хураагаад судар, судраа хураагаад үлгэр, сургаал, дуу, дуулал болгож үр хойчдоо уламжилж, өвлүүлдэг. Энэ зарчмаар Цагаан Домын бүх номыг дуу уухайт номд нь хураагаад, бүх дуу уухайт номоо "Ивэдэйн цагаан овоо" дуундаа хураагаад, "Ивэдэйн цагаан овоо" дуугаа
Есөн цагаан овоондоо
Ёлы нь дагаж л гарна аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л жаргана аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л жаргана аа гэсэн нэг бадагт нь хураачихсан байгаа юм.


Одоо дууныхаа утга учир, агуулгыг хэлж өгье.
"Ивэдэйн цагаан овоо" дуу
Нэгдүгээрт: Хүний ерөнхий наян нэгэн зүйл ариун цагаан хүслийг хураангуйлж есөн их хүсэл болгон багцалж, бидний ярьж заншсанаар есөн цагаан хүсэл гэж нэрлэдэг, энэхүү есөн их хүслийг биелж бүтэхийг ерөөсөн, биелүүлж, бүтээх арга зам, ур ухааныг заасан дуу. Энэ утгаараа "Ивэдэйн цагаан овоо" бол дуу ч мөн, ном, судар, сургаал ч мөн, дом, технологи ч мөн.
Хоёрдугаарт: Дээд тэнгэрт орших Галт наран тэнгэр, Гангар Суу Аак Эн тэнгэр, Домч цагаан тэнгэр, Дорлиг дархан тэнгэр... тэргүүт Гийн Тавин таван цагаан тэнгэрийн Тэргүүлэгч есөн цагаан тэнгэр болон тэдний зараал онгонуудыг, Есөн их цагаан оргилынхоо болон ариун тунгалаг рашаануудынхаа эздийг дуудаж дуу уухайгаараа дайлж баясгаж, цэнгүүлж тэдэнтэй холбогддог өргөл, дуудлага, тахилга.
Гуравдугаарт: Дэргэд газарт орших Алтай язгуурт, Алтайн язгуурт хэл, бичигт, Алтайн язгуурт сэтгэхүй, соёл, шүтлэгт хэн бүхний өнө мөнхийн шүтээн болсон есөн цагаан овоо (есөн цагаан оргилууд) болон тэдгээрийн сав хөндийд оршиж аливаа бүхийг алагчлал, алгасал үгүй ариусгаж, ундалж ундардаг ариун тунгалаг рашаант голуудыг магтаж, дархалж тахисан дуу. Энэ утгаараа "Ивэдэйн цагаан овоо" дуу бол өргөл, тайлга, тахилга юм.
Мөн "Ивэдэйн цагаан овоо" дуунд нэр нь дурдагдаж байгаа нутаг орон бол чиний алтан тоонат, ариун голомт шүү. Үргэлж шүтэж дээдэлж, хамгаалж сахиж яваарай гэж үр удамдаа сануулж захисан дуу юм. Энэ утгаараа "Ивэдэйн цагаан овоо" дуу бол захиас, зарлиг юм.
Дөрөвдүгээрт: Хүнийг, Хүмүүн заяаг тэнгэр, газартай холбож нэгтгэдэг холбоос дуу.
Тавдугаарт: Хүний амьдрал, хувь тавилан, хувь заяаны өгсөж, уруудах жам, зүй тогтлыг зааж, сануулж, сургасан, хань ижил үрийн заяаг тэгшилсэн, амьдрал жаргалын нууцыг товчоолсон бас тайлсан дуу
"Ивэдэйн цагаан овоо" дуу энэ таван зүйл үндсэн агуулгыг багтаасан дуу.


ДОМЫН ДУУГ ДУУЛАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
Домын дууны ая дан ахуй, найрын, тайзны ямар нэг тавилттай, хаана ч, ямар ч үед хөгжим дагаж, нэг тогтсон ая дангаар дуулдаг дуунаас эрс өөр. Иймд домын дуунуудыг 12 хүртэлх өнгө, ая дан гаргаж, нот тоглож болдог Товшуур хөгжимтэй, эсвэл 13 өнгө, ая дан гаргаж, нот тоглож болдог Икеэл хөгжимтэй дуулна. Хөгжим нь дуугаа дагаж явна.
Домын дууны үгийг нь сураад өөрөө ая данг нь олж, өөрийн мэдрэмжээрээ дуулах ёстой. Нэг дуулахдаа уртын дуу шиг дуулж, дараа нь ерөөл, магтаал шиг хайлж, рок, хип хоп стилээр дуулсан ч болно. Яг тухайн моментынхоо мэдрэмжээр дуулна. Үргэлж нэг стилээрээ дуулж болохгүй. Өөрийн дуулж байгаа ая дан, стилээ бусдад тулгаж болохгүй. Учир нь хүн бүхний мэдрэмж, сэтгэлийн төлөв, сэтгэцийн өгөгдөл, үйлийн үр, учир шалтгааны мэдээллүүд өөр өөр байна. Мөн энэ бүхэн үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг. Ийм учир домын дууг үргэлж нэг тогтсон ая дангаар дуулж, нотолж дуулж, хүн дуурайж дуулж, бас дуулж байгаа хүн бусдыг та яг ингэж дуул гэж өөрийнхөө яг одоо дуулж байгаа арга барилыг, өөрийнхөө мэдрэмж, хэрэгцээ шаардлагыг бусдад тулгаж болохгүй.
Домын дууны:
• үг нь монгол хэлний Буриад аялгатай /Учир нь монгол хэлний Буриад аялга бол аялгуу гэж нэрлэгддэг тэнгэрийн хэлнийхээ хэллэг, дуудлагыг хамгийн сайн хадгалж үлдсэн байдаг./
• дуулах хэв маяг нь Дархад дууны хэв шинжтэй /Домын дууг аль болох, өөрийн чадах дээд өнгөнөөс эхэлж дуулна. Дархад дуу энэ шалгуурыг бүрэн хангадаг/
• ая дан, эгшгийн өнгө аяс нь буюу дуулах өнгө аяс нь төв халхын Боржигин дуутай адил, аль болох аргадаж эелсэн зөөлөн өнгө аястай байна.
"Ивэдэйн цагаан овоо" дууны:
1. “Овоондоо” гэдэг үгийг “овоондоо+н” гэж, "Үрээ” гэхийг “үрээ+н” гэж ард нь “н” авч дуулаад байдаг. Тэгж ерөөсөө болохгүй. “овоондоо”, "гарна аа”, “жаргана аа”, “үрээ” гэдэг энэ задгай үеэр төгссөн үгнүүдийг задгайгаар нь дуулна. Ард нь ерөөсөө гийгүүлэгч авч, задгай үеүдийг битүүлж дуулж болохгүй.
2. "Ёсы нь” гэдгийн “нь”, “дагаж л” гэдгийн “л” дагаваруудыг заавал авч дуулах ёстой. Эдгээр дагаваруудыг гээж дуулж огт болохгүй. Харин ч энэхүү “нь”, “л” дагаваруудыг аль болох тод хэлж дуулах ёстой.

Гучин гурваас дээш насны болон миний ажил, амьдрал бүрэн тэгширч жигдэрсэн гэж бодож байгаа хүмүүс "жаргана аа" гэсэн үгтэй хувилбарыг нь
Гучин гурваас доош насны болон миний ажил, амьдрал хараахан бүрэн тэгширч жигдрээгүй байна гэж бодож байгаа хүмүүс "амьдарна аа" гэсэн үгтэй хувилбарыг нь дуулна.


Нэг зүйлийг нэмж хэлэхэд Цагаан домын номыг, Цагаан домын дуунуудыг ард нийтэд ил гаргаж, хэлж ярьж болох хэсгүүдийг нь ил гаргах, хэлж ярих цаг нь болсон учраас би нийтэд ил гаргаж болох хэсгүүдийг нь ил гаргаж, сонирхсон хүмүүстэй хуваалцаж байгаа юм. Тэгэхээр та бүхэн хүсвэл аль нэг бурхны, шашны тарни, батламж үг, мантра уншдаг шигээ "Ивэдэйн цаган овоо" дууныхаа энэхүү хураангуй бадгийг дуулж байж болно.

"Ивэдэйн цагаан овоо" дууныхаа талаар миний зүгээс хэлж, зөвлөж чадах зүйлс гэвэл ийм байна.

Та бүхнийг "Ивэдэйн цагаан овоо" дуу, "Ивэдэйн цагаан овоо" дуунд дархлагдсан:
- Есөн цагаан тэнгэр
- Есөн их цагаан онгон
- Есөн их цагаан оргил
- Ариун тунгалаг рашаан, голууд
- Хасахах Иэкээн алтан тоонот
- Харакусээн ариун голомт үргэлжийн мөнхөд, үрийн үрд, үеийн үед ивээж есөн ес наян нэгэн ариун цагаан хүсэл тань үргэлж сэтгэлчлэн, ёсчлон бүтэж байх болтухай гэж ерөөе!

Гучин гурваас дээш насны хүн дуулах хоёр хувилбар:
Хувилбар - 1
Есөн цагаан овоондоо
Ёлы нь дагаж л гарна аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л жаргана аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л жаргана аа
Хувилбар - 2
Есөн цагаан овооноос
Ёсы нь дагаж л бууна аа
Ерөөлт нэгэн үрээ
Есэлий нь дагаж л жаргана аа
Ерөөлт нэгэн үрээ
Есэлий нь дагаж л жаргана аа

Гучин гурваас доош насны хүн дуулах хоёр хувилбар:
Хувилбар - 1
Есөн цагаан овоондоо
Ёлы нь дагаж л гарна аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л амьдарна аа
Ерөөлт нэгэн үрээ
Ёсы нь дагаж л амьдарна аа
Хувилбар - 2
Есөн цагаан овооноос
Ёсы нь дагаж л бууна аа
Ерөөлт нэгэн үрээ
Есэлий нь дагаж л амьдарна аа
Ерөөлт нэгэн үрээ
Есэлий нь дагаж л амьдарна аа


ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


Цахим сургалтын хөтөлбөр:


Comments

Popular posts from this blog

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

ОНГОД, УДМЫН ОНГОД, УЛААЧИЙН ЁС /"АГАМ ЮГТИ НОМУУД ДОР САЙТАР ДАДАН ТӨГС"/