АМЬ, СҮНС, ТӨГС ГЭГЭЭРЭЛ

 МОНГОЛ ХҮНИЙ “АМЬГҮЙ БҮХНИЙГ АМЬДЧИЛЖ, АМЬТАЙ БҮХНИЙГ ХҮНЧИЛЖ, ХҮН БҮХНИЙГ ХҮНДЭТГЭЖ ҮЗЭХ” ҮЗЛИЙН ФИЛОСОФИ, АКАДЕМИК МЭДЛЭГ, ОНОЛЫН ҮНДЭСЛЭЛ


АМЬ

Амь гэдэг бол цагаан домын онолоор бүрдүүлэгч арван хоёр дэд язгуур нэгдэж цулыг бүтээхэд тэр цул дотор үүсдэг гол дотор бий болсон халуун хий. Амь-Гол гэдэг холбоо үгийн үндсэн утга агуулга эндээс тодорхой болж байна. Орчин үеийн шинжлэх ухааны ойлголтоор, Амь гэдэг бол арван хоёр эгэл бөөм нэгдэж бөөмүүдийг, бөөмүүд нэгдэж атомын цөмийг үүсгэхэд атомын цөм дотор бий болдог гол гэж нэрлэгдэх орон зай дотор үүсдэг халуун хийн нэр.


СҮНС

Сүнс гэдэг бол судрын хэлээр "цул" буюу орчин үеийн шинжлэх ухааны нэр томъёогоор “атомын цөм” дотор үүссэн "гол" дотор үүсдэг "амь" гэдэг халуун хийтэй хамт үүсэж, гол дотор орших амь гэдэг халуун хийг хадгалж, тээж, хамгаалж сахиж байдаг хий хэлбэртэй эрчим. Цөм үүссэн л бол тэр цөм дотор гол заавал үүснэ. Гол үүссэн л бол тэр гол дотор амь гэдэг халуун хий заавал үүснэ. Амь үүссэн л бол түүнийг дагаад сүнс заавал үүснэ. Иймд нэгж атом болон атомаас бүтсэн бүхэн амьтай, сүнстэй гэсэн үг. Сүнс хий мөн чанартай учир оршиж байгаа сав орныхоо хэлбэр хэмжээгээр хэлбэржинэ. Иймд хүний сүнс бол хүн шиг дүрс хэлбэртэй, нохойны сүнс бол нохой шиг дүрс хэлбэртэй байна.
Бид өвөг дээдэс шигээ:
- атомын
- аливаа нэгж болон нэгдмэл оршихуйн амь, сүнсийг нь олж нээж, “амь нь энэ байна”, “сүнс нь энэ байна” гэж таньж мэдэж, тодорхойлж чадаж байна уу гэдэг асуулт байна. Орчин үеийн физикийн шинжлэх ухааны хөгжил оршихуйн амь, сүнс үүсдэг түвшнээс даваад явчихсан. Нэгдэл, харилцан үйлчлэлийнх нь дүнд амь, сүнс үүсдэг нарийн материудыг тус бүрийг нь нээж тодорхойлсон. Атомыг, атомын цөмийг, атомын цөмийг бүрдүүлдэг бөөмүүдийг, эдгээр бөөмүүдийг бүрдүүлж байгаа эгэл бөөмсийг нээсэн. Гэвч эдгээр нарийн материудын нэгдэл, харилцан үйлчлэлийн дүнд үүсэж байгаа хүч, эрчмүүдийг энэ нь амь, энэ нь сүнс гэж тодорхойлоогүй. Физикийн шинжлэх ухаан бүх оршихуйн түгээмэл үндсэн дөрвөн хүчийг нээж тодорхойлсон. Тэдгээр нь таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн хүчтэй харилцан үйлчлэл (цөмийн хүчтэй хүч), цөмийн сул харилцан үйлчлэл (цөмийн сул хүч). Энэ дөрвөн хүчний аль нь амь бэ?, аль нь сүнс вэ?, аль нь сүлд хийморь вэ?, аль нь оюун ухаан бэ? гэдгийг та бүхэн өөрсдөө тунгаагаарай. Аливаа зүйлийн жам, үндсэн зүй тогтол, агуулга, мөн чанар бол аль ч цаг үед байдгаараа байж л байна. Харин аливаа зүйлийн хэлбэр үзэгдэл, нэр томъёо, илэрхийлэл нь цаг үе, орчин нөхцлөө дагаад үргэлж хувьсаж өөрчлөгдөнө. Жишээ нь: цул дотор үүссэн гол дотор үүсдэг халуун хийг хэдэн мянган жилийн өмнө билгээр танин мэдэж нээж тодорхойлсон хүмүүс "амь" гэж нэрлэсэн байхад, энэ цаг үед мөн өөрсдийн судалгааны аргаараа, багажаараа нээж тодорхойлсон хүмүүс "цөмийн (сул, хүчтэй) хүч" гэж нэрлэсэн байж болно. Энэ бол жамын үзэгдэл. Аливаа зүйлийн нэр томъёо, илэрхийлэл цаг үе, орчин нөхцлөө дагаад хувьсаж, өөрчлөгдөж байгаа нэгэн жишээ.

"Амь гэдэг зүйл цөм дотор үүссэн гол дотор үүснэ." Энэ зүй тогтол бол өөрчлөгдөхгүй.

Харин түүнийг хэзээ, хаана, хэн хэрхэн нээж тодорхойлж, юу гэж ойлгож, юу гэж нэрлэх нь бол тухайн хүмүүсийн эрх, дурын хэрэг.

"Би АМЬ гэж нэрлэж байгаа зүйлийг чи юу гэж ХҮЧ гэж нэрлээд байна?, АМЬ гэж нэрлээч! гэх нь, эсвэл бидний нээж "ЦӨМИЙН ХҮЧ" гэж нэрлэсэн зүйлийг тэд АМЬ гэж нэрлэсэн байна. Энэ буруу." гэх нь ямар ч утгагүй, ямар ч үр дүнгүй, ямар ч ялагчгүй, хэн хэн нь хохирогч болох эцэс төгсгөлгүй маргаан, тэмцэл. Энэ утга учиргүй, маргаан, тэмцэл, үгүйсгэл бол оюун ухаант хүний хийдэг ажил биш. Хүмүүн бус язгууртнуудын, адгууснуудын хоорондын тэмцэл, тэдний хийдэг үндсэн ажил, тэдний явдал.
Бидний энэ цаг үед цөмийн хүч гэж нэрлэж байгаа зүйлийг өөр цаг үед, өөр соёл иргэншилтэй хүмүүс хэрхэн танин мэдэж нээж тодорхойлсон бэ?, Юу гэж нэрлэдэг байсан бэ?, Хэрхэн ашигладаг байсан бэ... ? гэдгийг танин мэдэх нь чухал. Энэ бол хүний ёс, хүний явдал.
Ийнхүү танин мэдэх нь:
- нэр томъёо, хэлбэр үзэгдэл дунд будилж төөрөх эрсдэл
- миний зөв, чиний буруу гэсэн адгууслаг маргаан зөрчлийг шийдэх гарц, ерөндөг
- хөгжил дэвшлийн үндэс


✶ Цөм бүхэн, цөмт бүтэцтэй оршихуй бүхэн амьтай, сүнстй. Цөмтэй бүхэн амьтай, амьтай бүхэн сүнстэй. Бидний энэ оршихуйд цөмт бүтэцгүй, атомаас бүтээгүй зүйл нэгээхэн ч үгүй. Иймд оршин буй бүхэн амьтай, сүнстэй.

Монголчуудын, тэр дундаа түрүү үеийн монголчуудын:
- амьгүй (бидний амьгүй гэж тодорхойлж байгаа) зүйлийг ч амьдчилж
- амьд бүхнийг хүнчилж
- хүн бүхнийг хүндэтгэж үздэг хүн ёсны, экэч/ёсч эрдмийн гүн утга, өргөн-агуулга нь, үндсэн философи нь, тэрхүү философийнх нь академик мэдлэг нь, онолын үндэслэл нь, теором нь энэ.


СҮНС МӨНХ ҮҮ?, МӨНХ БУС УУ?

Бидний оршиж байгаа мөнх бус оршихуйн:
- үүсгэгч язгуурууд нь буюу анхдагч нэгжүүд нь
- сүнсийг бүтээгч нарийн материуд нь
- сүнсийг бүтээгч нарийн материудыг үүсгэж бүтээсэн, тэдгээрээс ч нарийн буюу хоосон чанартай, хэт нарийн материуд нь ч мөнх бус чанартай учир сүнс мөнх байх ямар ч боломжгүй. Бидний амьдарч байгаа энэ ертөнц үүсгэл нь мөнх бус чанартай мөнх бус ертөнц. Иймд энэ ертөнцөд мөнхийн оршихуй нэг ч байхгүй. Гагцхүү үүсэж бүтсэн бүхэн амьдрах, орших цаг хугацаагаараа л ялгаатай.
Энэ мөнх бус оршихуй бол өөр өөрийн гэсэн өвөрмөц хэлбэр, үзэгдэл, хэлбэлзэл давтамж, хэмжээстэй “эгэл, нарийн, хэт нарийн” гэсэн гурван түвшний материас бүтдэг. Хүн ч мөн мөнх бус оршихуйн нэг хэлбэр учраас махбод, хий, гэрлэн гуран биеэс, эгэл, нарийн, хэт нарийн гурван материас бүтдэг.


- Эгэл бие, бодит материйг буюу оршихуйн бидний “материаллаг, бодит, ил” гэж нэрлэдэг хэлбэр, түвшинг бол билгээр, махбод биеийнхээ таван мэдрэхүйгээр болон багажаар судлах, таньж мэдэх боломжтой.
- Хий бие, нарийн материйг буюу оршихуйн бидний “далд, нарийн” гэж нэрлэдэг хэлбэр, түвшинг багажаар болон билгээр судлах, танин мэдэх боломжтой.
- Гэрлэн бие, хэт нарийн материйг буюу, оршихуйн бидний “нууц, хоосон” гэж нэрлэдэг хэлбэр, түвшинг бол багажаар судлах, танин мэдэх боломжгүй. Зөвхөн билгээр л судлах, танин мэдэх боломжтой.


Шинжлэх ухаан оршихуйн эгэл, нарийн түвшнүүдийг өндөр түвшинд таньж мэдсэн. Баталгаа нь орчин үеийн өндөр хөгжсөн шинэ дэвшилтэт бүтээл, технологиуд. Шинжлэх ухааны өнөөдрийн академик түвшний хөгжил оршихуйн нарийн, хэт нарийн түвшнүүдийн заагт буюу оршихуйн нарийн, хэт нарийн түвшнүүдийн дундын хайпер түвшин болох квантын түвшинд явна. Шинжлэх ухаан багажаар нэвтрэх боломжгүй, зөвхөн билгээр л нэвтрэх боломжтой хэт нарийн түвшин рүү нэвтрэх нандин зэмсгээ буюу хиймэл оюун ухаанаа/хиймэл билгээ бүтээчихсэн. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан багажаар нэвтрэх боломжгүй, зөвхөн билгээр л нэвтрэх боломжтой оршихуйн хэт нарийн түвшний хаалгыг хиймэл оюун ухаанаараа/хиймэл билгээрээ тогшиж байна. Энэ шинэ мянганы, оюун ухааны эриний тэргүүлэх технологи нь оюун ухааны, хиймэл оюун ухааны ололт нээлтүүд дээр суурилсан "сэтгэц-мэдээллийн технологи" байх болно. Монгол дом бол оршихуйн яг энэ хэт нарийн түвшинд ажилладаг технологи. Иймд монгол домыг орчин үеийн нэр томъёогоор илэрхийлбэл, монгол дом бол "сэтгэц-мэдээллийн технологи" юм. Өөрөөр хэлбэл монгол дом бол сэтгэц дээр кодлогдож хадгалагдсан "учир шалтгаан" гэж нэрлэгддэг хэт нарийн мэдээллүүдтэй ажилладаг, сэтгэц дээр хүссэн код, программаа суулгадаг технологи юм. Арай энгийнээр, орчин үеийн хүн бүхэн мэддэг нэр томъёо, ойлголтоор бол, монгол дом бол далд ухамсарт суучихсан байгаа код, программуудыг засахыг нь засаж, устгахыг нь устгадаг (ариусгадаг), далд ухамсарт хүссэн код программаа суулгадаг технологи юм.

Оршихуйн хэт нарийн, хоосон чанарын түвшин рүү буюу монгол домоор ажилладаг үндсэн талбар руу багажаар нэвтрэх боломжгүй. Багажаар нэвтрэх боломжгүй учир шинжлэх ухаан хиймэл оюун ухаанаараа хаалгыг нь тогшиж байна. Бүхнийг билгээр танин мэдэж тэнгэр үзлийн гүн ухаан, буддын гүн ухаан нээж хөгжүүлсэн гэгээнтнүүд оршихуйн энэ хэт нарийн түвшинг аль хэдийн бүрэн нээж тодорхойлсон. Энэ түвшинд ажиллах технологиудыг боловсруулж хөгжүүлсэн. Тэдгээр нь монгол дом, йога, бясалгал юм. Өөрсдөө тэдгээр ололт нээлт, мэдлэг, онол, сургаал, технологиудаа хэрэглэсэн, амьдралдаа хэрэгжүүлсэн, үнэн зөв гэдгийг нь “үйл, амьдрал, цаг хугацаа” гурваар шалгаж, амжилт, үр дүнгээрээ баталсан. Хойч үедээ болон хүн төрөлхтөнд ном мэдлэг, гүн ухаан, соёл иргэншил, баримт баталгаагаа үлдээсэн.


✶ "Амь, сүнс" гэдэг бол оршихуйн эгэл, нарийн, хэт нарийн түвшнүүдийн нарийн түвшинд нь, нарийн матеруудаас бүтэж бүрэлдэж бий болсон "нарийн түвшний үзэгдлүүд юм."

Онолын түвшинд матер гэж зөвхөн нүдэнд харагдаж гарт баригддаг бодит зүйлийг бус, аливаа оршихуйг, оршихуйн хэлбэр, түвшингүүдийг үүсгэж бүтээж байгаа үндсэн нэгжийг, үндсэн хүчин зүйлийг хэлж байгаа юм. Эдгээр матеруудыг үүсгэж байгаа энерги, энергийн хамгийн анхдагч хэлбэр нь бол мөнх чанартай. Энергийн хамгийн анхдагч хэлбэрийг цагаан домын судруудад “мөнх”, “экэ”, “үүтгэл-бүхний эхлэл бас төгсгөл” гэх зэргээр нэрлэдэг. Харин мөнх бус оршихуйн хамгийн анхдагч нэгжийг бол “үүсгэл”, “үүсгэгч язгуур”, “билгэ-бэлгэ” гэх зэргээр нэрлэдэг.

Энерги анхдагч төлвөөсөө өөр төлөв, хэлбэрт шилжих ямар нэг хувирал өөрчлөлт, үйл процессийн дүнд үүсэж бүтсэн, бий болсон хэлбэр үзэгдлүүд, нэгдмэл болон нэгж оршихуйнууд бүгд мөнх бус чанартай.
Нэгэнт үүсэж бүтсэн хэлбэр үзэгдлүүд, нэгдмэл болон нэгж оршихуй үүсэж бүтсэн шигээ эвдрэх, мөхөж сөнөх, тэрхүү хоёрдогч, гуравдагч.... хэлбэр, үзэгдлүүд анхдагч төлөвтөө буцаж шилжих тавилантай.
Сүнс бол бидний эгэл мэдрэхүйд мэдрэгдэж, нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч сүнс гэж нэрлэгдэх түвшинд хэлбэржсэн, биежсэн үзэгдэл, бодит оршихуй. Ийм учраас үүсэж бүтсэн бүхнийг, оршихуй бүхнийг тойрохгүй дайрдаг эвдрэх, мөхөж сөнөх гэдэг жам, тавилан сүнс гэдэг үзэгдлийг, сүнс гэдэг оршихуйг ч мөн тойрохгүй, дайрна.
Бүтсэн бүхэн эвдрэх жамтай учраас бидний сүнс гэж нэрлэж байгаа оршихуй ч гэсэн үүсэж бүтсэн шигээ эвдрэх тавилантай.
Сүнсний орших хугацаа нь, нас нь бидний эгэл түвшинд хэрэглэдэг тоо, тооллоор тооцох, хэмжих боломжгүй, өөрөөр хэлбэл бидний сүнс буюу нарийн биеийн нас эгэл биеийн минь настай харьцуулах боломжгүй урт. Гэхдээ сүнсний нас ийм урт гэдэг нь сүнс мөнх гэсэн үг биш.


Энэ мөнх бус оршихуйг үүсгэгч язгуурууд нь буюу энэ мөнх бус оршихуйн хамгийн анхдагч нэгжүүд нь, сүнсийг бүтээгч нарийн матерууд нь, сүнсийг бүтээгч нарийн материудыг үүсгэж бүтээсэн хэт нарийн буюу хоосон чанартай матерууд нь ч, энэ хэт нарийн түвшинд хадгалагдаж байгаа “учир шалтгаан” гэж нэрлэгддэг хэт нарийн түвшний мэдээллүүд ч нэгэнт үүсэж бүтсэн л зүйлс учир, бүтсэн бүхэн эвдрэх тавилантай учир мөнх бус чанартай. Ийм учир сүнс бол мөнх бус. Энэ оршихуйд байгаа, бидний мэдэрч, таньж, тодорхойлж, нэрлэж байгаа бүхэн мөнх бус чанартай.

Энэ оршихуйн:
- ил, далд, хоосон (нууц) аль ч хэлбэр, хэмжээстэд оршиж байгаа бүхэн
- эгэл, нарийн, хэт нарийн материас бүтсэн бүхэн мөнх бус. Гагцхүү орших хугацаа, насаараа л ялгаатай. Яг л бидний сайн мэддэг атомын цөмүүд шиг, амьд амьтад шиг.

Бидний энэ оршихуй яагаад мөнх бус, мөнх бус чанартай байдаг вэ гэвэл, бидний энэ оршихуйн үүсгэгч, бүтээгч язгуур элемэнтүүд нь мөнх бус чанартай. Ийм учраас энэ мөнх бус язгууруудаас үүсэж бүтсэн бүхэнд үүсгэгч, бүтээгч язгууруудынх нь мөнх бус чанар хадгалагддаг, үйлчилдэг гэсэн үг.

Бидний материаллаг гэж нэрлэдэг, бидний нүдэнд харагдаж, гарт баригддаг оршихуй нэг бүхэл мөнх бус оршихуйн (нэг бүхэл зүйлийн) нэгээхэн хэсэг нь юм. Энгийн зүйлээр төлөөлүүлж ойлговол мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь юм. Мөсөн уулын орой нь, бидний хувирал өөрчлөлтийг нь харж мэдэрч байгаа хэсэг нь л мөнх бус, бид хувирал өөрчлөлт, бүтэх эвдрэх үзэгдлүүдийг нь харж мэдэрч чадахгүй байгаа хэсэг нь буюу мөсөн уулын оройноос бусад хэсэг нь мөнх гэж үзэж болохгүйтэй адил энэ оршихуйн материаллаг буюу бидний эгэл биеийн таван мэдрэхүй мэдэрч байгаа хэсэг нь л мөнх бус, харин бидний харахгүй, мэдрэхгүй байгаа хэсэг нь буюу нарийн болон хэт нарийн матерууд нь, нарийн болон хэт нарийн материудаас бүтсэн хэсэг нь бол мөнх гэж ойлгож, мөнх байх гэж тааж болохгүй. Таньж мэдэх ёстой.
Зарим хүмүүс мөнх бус гэдэг бол оршихуйн зөвхөн материаллаг, эгэл түвшний ойлголт. Энэ оршихуйн нарийн болон хэт нарийн хэлбэрүүд бол мөнх. Жишээ нь сүнс бол мөнх гэж тайлбарладаг. Тэгээд ямар онол мэдлэг дээр тулгуурлаж ингэж дүгнэж байна вэ, гэхээр тодорхой онол байдаггүй. Тэгэхээр "мөнх бус гэдэг бол эглийн үзэгдлийг илэрхийлсэн ойлголт", "сүнс бол мөнх" гэдэг ойлголт, номлол, сургаалууд бол тэр хүмүүсийн хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, таамаглал гэсэн үг. Хүн бүхний өөрийгөө болон орчлон хорвоог танин мэдсэн түвшин, сүнс ухамсрын хөгжлийн түвшин өөр өөр учраас аливаа зүйлийн талаар хэн ямар үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, ямар таамаглал дэвшүүлэх нь тухайн хувь хүмүүсийн эрх, дурын хэрэг.
Монгол цагаан домын үе үеийн язгууртнууд "Өөрийгөө бусдад хүчээр тулгаж, бусдыг мухар сохроор өөртөө тулгаж болохгүй. Бүх оршихуйг нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд танин мэдэж, ойлгож ухаарах ёстой. Бүх оршихуйг нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд танин мэдэж, ойлгож ухаарч байж бүх оршихуйн цэгц жамд зохируулж онож үйлдэнэ. Бүх нэгдмэл болон нэгж оршихуйн цэгц жамд зохируулан онож үйлдэж байж жинхэнэ олз (ашиг, үр дүн, амжилт бүтээл) бий болно." гэж захисан байдаг.

Сүнсний насыг бидний эгэл ертөнцөд, эглийн түвшинд хэрэглэдэг тоо тоолол, хэмжээсээр хэмжих боломжгүй учраас сүнсний насыг галваар тооцно. Микрокосмос нь макрокосмосын товч давталт гэдэгтэй адил бидний энэ бодит бие, бодит амьдрал бол бусад далд, нууц оршихуйнуудынхаа товч давталт нь, мөн нэг хэсэг нь, нэг өөр хувилбар нь юм. Тэгэхээр бидний бодит ертөнцөд тохиолдож байгаа бүхэн нарийн, хэт нарийн түвшинд ч ялгаагүй тохиолдоно. Тэр дундаа ил, далд, хоосон чанартай бүх нэгдмэл болон нэгж оршихуйн түгээмэл жам болох бүтэх-эврдэх гэдэг жам энэ эгэл (ил), нарийн (далд), хэт нарийн (хоосон) оршихуйд аль алинд нь ялгаагүй үйлчилнэ.
Нарийн, хэт нарийн түвшний оршихуйнууд, оршихуйн нарийн болон хэт нарийн түвшнүүд эгэл оршихуйгаас, эгэл түвшнээс өөр хэлбэр үзэгдэл, давтамж, хэмжээстэй учраас эдгээр оршихуйнуудад, түвшингүүдэд өрнөх процесс, үйл явдлуудын цаг хугацаа, хэлбэр үзэгдэл нь л өөр байна. Бүтэх-Эвдрэх гэдэг жам бол гэрлэн, хий, бодис (хэт нарийн, нарийн, эгэл) ямар ч хэлбэртэй, нэгдмэл болон нэгж бүх оршихуйн түгээмэл буюу аль алинд нь адилхан үйлчилдэг суурь зарчим.

Цагаан домын бүх ном судруудад “Нэгж болон нэгдмэл бүх оршихуйн түгээмэл болон тус тусын жам, зүй тогтлыг таньж мэд. Энэ таньж мэдэх ажлыг энэ мөнх бус оршихуйн нэг хэлбэр, нэг давталт болох өөрөөсөө эхлэ. Өөрийнхөө эгэл, нарийн, хэт нарийн гурван биеийг нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж мэдэж, туулж гатал. Өөрийнхөө эгэл, нарийн, хэт нарийн гурван биеийг нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж мэдэж, туулж гаталж чадвал бүх оршихуйн эгэл, нарийн, хэт нарийн бүх хэлбэр үзэгдлийг нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж мэдэж, туулж гаталсантай адил. Бүх оршихуйн эгэл, нарийн, хэт нарийн бүх хэлбэр үзэгдлийг нэгдмэл болон нэгжийн бүх түвшинд нь бүрэн гүйцэд таньж мэдлээ, туулж гаталлаа гэсэн үг.” гэж тэмдэглэсэн байдаг.

Бүх зүйлд эхлэл байгаа, эхлэл байгаа учир төгсгөл бас гарцаагүй. Цаг хугацааны л ялгаа байгаа. Цаг хугацаа гэдэг бол эхлэлтэй, өрнөлтэй, төгсгөлтэй процессийг хэмждэг нэгж, илэрхийлдэг нэр томъёо. Буддын гүн ухааны судруудад байгаа цаг (цаг хугацаа) гэсэн үгнүүдийн өмнө байгаа “тэргүүлшгүй”, “эхлэлгүй” гэх зэрэг тодотгосон нэрүүд бол:
- тодорхойгүй, энэ эгэл түвшнээс нээж тодруулахад хүндрэлтэй гэсэн утгыг илэрхийлж
- нэг бол “цаглашгүй-10/59”, “өгүүлшгүй-10/60” “сэтгэшгүй-10/66” гэдэг шиг тооны нэрүүд ч байж болох юм.
Энэ мөнх бус ертөнцийн цаг хугацаа бол энэ мөнх бус ертөнц үүсэж эхлэхэд л хамт эхэлсэн байж таараа. Гагцхүү бид тэрхүү эхэлсэн цэгт нь хүрч төдийгөөс өдий хүртэл ямар цаг хугацаа өнгөрснийг танин мэдэж, тодорхойлж чадахгүй байгаа. Эсвэл энэ ертөнц эхэлсэн цаг хугацааг бидний энэ богинохон настай эгэл матер, дүрстэй шүтэлцсэн, хэт (суу) билгэ болж хөгжөөгүй оюун ухаанаар таних, тодорхойлох боломжгүй ч байж болно.
Бидний энэ эгэл матер, дүрст оршихуй маш хязгаарлагдмал. Энэ эгэл матер, дүрстэй шүтэлцсэн бидний нийтлэг эгэл ухамсар, эгэл оюун ухаан мөн маш явцуу давчуу, баригдмал хязгаарлагдмал гэдгийг мартаж болохгүй.

Мөнх бус оршихуйн:
- ил, далд, хоосон (нууц) аль ч хэлбэр, хэмжээстэд оршиж байгаа бүхэн
- эгэл, нарийн, хэт нарийн материас бүтсэн бүхэн мөнх бус. Мөнх бусын бүх оршихуй, мөнх бусын бүх хэлбэрүүд "орших-эс орших" (бүтэх-эвдрэх) гэсэн хоёр туйлт хэлбэр төлвүүдэд ээлжлэн шилжиж байдаг. Харин энерги "орших-эс орших" гэсэн хоёр туйлт динамик төлвөөс ямар нэг ээлжлэн шилжих эсрэг тэсрэг туйлгүй анхдагч төлөв байдалдаа шилжихийг уламжлалт гүн ухаанууд мөнхрөх, нирвааны амгаланг олох, төгс гэгээрэх зэргээр нэрлэдэг. Шинжлэх ухаан энэ үзэгдлийг хараахан нээгээгүй байгаа.


Төгс гэгээрэл гэдэг бол нүгэл ч үгүй, буян ч үгүй болох үзэгдэл. Буян, нүгэл гэдэг бол хоёр туйлтай ертөнцийн ойлголт. Буян гэдэг бол бид энэ мөнх бус оршихуйд зовлон багатай, сайн сайхан амьдрахад л хэрэгтэй зүйл. Эсрэгээрээ нүгэл хилэнц ихтэй бол зовно, муу муухай амьдарна. Буян ихтэй байлаа гээд төгс гэгээрэхгүй. Харин энэ мөнх бус ертөнцийн жаргалант сайн төрлүүдэд төрнө. Жаргалант сайн төрлүүдэд төрлөө ч нэгэнт л мөнх бус ертөнцөд байгаа учраас мөнх бус оршихуйн нэг хэсэг, нэг хэлбэр учраас өтлөх (элэгдэх), өвдөх (эвдрэх), үхэх (мөхөж сөнөх) гэдэг зовлонгуудаас бүрэн ангижирч чадахгүй.
Оршихуй, бодгаль бүхэн:
- нүгэл, буян хоёроо хоёуланг нь эдэлж барж байж
- үйлийн үр, учир шалтгаан хоёроос аль алинаас нь бүрэн ангижирч байж төгс гэгээрнэ.
Харин ухамсар нь оюун ухаан гэж нэрлэгдэх өндөр түвшинд хөгжсөн бодгалийн хувьд бол нүгэл, буянаа заавал биеэрээ эдлэхгүйгээр бүх кармагаа оюун ухаанаараа бүрэн ариусгаж:
- тоогоор илэрхийлбэл "0" болгож
- үйлийн үр, учир шалтгаанаас хоёулангаас нь бүрэн чөлөөлөгдөж
- бүх эрчмээ өнгөөр илэрхийлбэл тунгалаг болгож төгс гэгээрч болно.

Төгс гэгээрэл гэдэг бол яг нарийндаа сүнс гэж нэрлэж байгаа хий бие (нарийн бие, сэтгэл)-с илүүтэй гэрлэн бие (хэт нарийн бие, оюун ухаан)-тэй холбоотой үзэгдэл. Төгс гэгээрэл гэдэг бол зөвхөн хий биед хадгалагддаг үйлийн үр гэж нэрлэж байгаа мэдээллүүдийг ариусгах, тэдгээрээс ангижрах явдал биш.
Төгс гэгээрэл гэдэг бол:
- оюун ухаан (билгэ/гэрлэн бие/хэт нарийн бие/сэтгэц/далд ухамсар) өөр дээрээ хадгалагдсан “учир шалтгаан” гэж нэрлэгдсэн “үйлийн үрээс ч нарийн, үйлийн үрийг үүсгэдэг мэдээллүүд’-с
- “бүх зүйлийн учир шалтгаанаас бүрэн ангижрах” үзэгдэл юм.
“Учир шалтгаан нь байхгүй болчихвол түүнээс үүсдэг үйлийн үр, үйлийн үрээс үүсдэг үзэгдэл байхгүй болох нь тодорхой.”


Монгол цагаан дом ийм суурь онол, үндсэн философитой учир:
- үйлийн үр
- үйлийн үрийг хадгалж тээдэг хий бие (нарийн бие/сэтгэл/энергэн бие)-тэй төдийлөн зууралддаггүй. Хий биеийг гэрлэн биерүү нэвтрэх гүүр болгож ашигладаг. Гэхдээ хий бие дээр бүр ажиллахгүй гэсэн үг биш. Ажиллана. Бүх ажлыг, домын бүх үйлийг дундын хий биеэс биш хамгийн дээд талын гэрлэн биеэс эхэлж хийнэ. /Шатыг дээрээс нь шүүрдэж байгаа мэт ажилладаг./
Нарийн түвшний үйлийн үрийг үүсгэдэг, тэжээдэг үр, үндэс нь болох хэт нарийн түвшинд хадгалагдаж байгаа “учир шалтгаан” гэж нэрлэгддэг хоосон чанартай хэт нарийн мэдээлэлтэйгээ хамгийн түрүүнд ажилладаг.
Дом хийхийн тулд хамгийн түрүүнд оршихуйн учир шалтгааны түвшинд нэвтэрч:
- эвдэрч гэмтсэн мэдээллийг нь засна, хуучирч хоцрогдсон мэдээлэлд нь шинэчлэлт хийнэ
- хэрэггүй болсон, эсвэл хорон чанартай болсон мэдээллүүдийг нь ариусгаж хувиргана (устгана)
- бүтээж бий болгохыг хүсэж байгаа сайн сайхан зүйлийнхээ мэдээллийг, бүтээсэн шинэ дэвшилтэт программуудаа суулгана.
Энэ процессоо хий болон махбод биеийнхээ бүх нэгж, деталиуд дээр давтана.
Монгол домын үндсэн механизм нь, ажиллах үндсэн зарчим нь энэ. Домоор ажиллах бүх талбарууд бүрэн нээгдчихсэн, бүх өгөгдлүүд нь бүрдчихсэн учир домын үйл хийхэд төсөөлөл ашигладаггүй. Харин төвлөрөлийг өндөр түвшинд ашигладаг.


Зургаан монгол язгуурын ихэс дээдсийн үр ач нартаа болон цагаан домын язгууртнуудын гиуруу нартаа захиснаар “АГАМ ЮГТИ НОМУУД ДОР САЙТАР ДАДАН ТӨГСЧ” дом гэдэг технологийг бүрэн төгс эзэмшиж чадвал өөрийнхөө болон бүх оршихуйн хэт нарийн, нарийн түвшнүүдэд буюу учир шалтгаан, үйлийн үрийн талбаруудад нэвтэрч хүссэнээрээ ажиллаж чадна. Үйлийн үр, учир шалтгаанаас бүрэн ангижирч төгс гэгээрч ч болно.


Миний энэ эргэж тойрч, нуршиж чадан ядан бичиж та бүхэнд хүргэж байгаа мэдээлэл, мэдлэг бол монгол цагаан домын үе үеийн хөгжүүлэгч язгууртнууд цалигт, галигт, дуу уухайт ном судрууддаа оньслон тэмдэглэсэн, зөвхөн гиуруу нартаа хэлж өгсөн:
- хамгийн нандин мэдлэгүүдийн нэг хэсэг
- хамгийн тансаг оюуны идээ ундааны охь дээжис юм.

Бид олон ургалч үзэлтэй, олон өөр шашин шүтлэгтэй, олон өөр салбар шинжлэх ухааны мэдлэгтэй, сүнс ухамсрын хөгжлийн олон өөр түвшин хэмжээсүүдэд оршиж байгаа учраас энэ нийтлэлийн үндсэн агуулга та бүхний мэдлэг, хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, туулалт, туршлагатай зөрчилдөж болно.
Би энэ мэдээллийг та бүхэнтэй хуваалцаж, сонирхуулж байгаа болохоос миний, бидний зөв гэж тулгаж байгаа, энийг ойлго, хүлээж ав, хүлээн зөвшөөр гэж шахаж шаардаж байгаа явдал огт биш шүү. Та бүхэн авах гээхийн ухаанаар хандаарай.


нийтлэл бичсэн Илээхэн Ээхэн


✶ ТАЛАРХЛАА ГЯЛАЙЛАА ГИЙЛЭЭ






ЭХ СУРВАЛЖ:

- Монгол Цагаан Домын галигт ном “ЯТГАЛ” судар
- Монгол Цагаан Домын цалигт ном "ҮРЭКЕЛН" судар
- Монгол Цагаан Домын онол, тайлал, аргазүйн сургалт


Цахим сургалтын хөтөлбөр:


Comments

Popular posts from this blog

АСАРАЙ, ЗИЙДӨР (АСУРИЙН ИХ ЕРТӨНЦ/ХИЙ БИЕТНИЙ ЕРТӨНЦ), ЗАЯАЧ ТАВАН ТЭНГЭР

"ДОМ" гэж юу вэ?, МОНГОЛ ДОМ, МОНГОЛ ДОМЫН ТӨРЛҮҮД

ОНГОД, УДМЫН ОНГОД, УЛААЧИЙН ЁС /"АГАМ ЮГТИ НОМУУД ДОР САЙТАР ДАДАН ТӨГС"/